Япон аль хэр рацист орон бэ?

Khuslen Amarjargal
2 min readMar 28, 2021

--

Бид бүгдээрээ Япончуудтай холбоотой янз бүрийн туршлагуудтай, тэдгээртээ үндэслэсэн өөр өөрсдийн дүгнэлтүүдийг хийсэн байдаг. Миний хувьд сүүлийн жил 4н жил орчим Япон улсад ажиллаж амьдарч байгаа бөгөөд Япончуудын рацист үзлийн талаар энэ блог дээрээ хуваалцая гэж бодлоо.

Аливаа улс үндэстэнд өөрийн гэсэн юмандаа харам хандах, өөрийн улсын хүмүүсээ хамгийн түрүүнд бусдыг нь дараа гэх бодол их, бага хэмжээгээр байдаг. Япончуудын хувьд энэ үзэгдэл саяхныг хүртэл маш их байсан бөгөөд улсаас нь гадаад ажиллах хүчний ихээр оруулах бодлого баримталж эхэлсэн тул хүссэн хүсээгүй гадаад хүмүүстэй зохьцон амьдрах хэрэгтэй болоод байгаа. Тиймдээ ч дуртай, дургүй гадны хүмүүсийг тодорхой хүлээн зөвшөөрч эхэлж байгаа. Залуу хүмүүсийн хувьд ихэнхдээ үүнд уян хатан ханддаг бол хуучныг баримталдаг хөгшин Япончуудын хувьд хараахан улсаар нь ялгавралан гадуурхах үзэл хүчтэй байгаа нь харагдсаар байдаг. Мэдээж “Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шиг” тодорхой хэдэн хэм хэмжээг сайн баримталж чадвал харьцангуй бага гадуурхагдах юм шиг санагддаг. Эдгээрээс дурьдвал:

・Аядуу зөөлөн байдал: Хатуун ширүүн харьцаатай, түүнийгээ зөв гэж боддог хүмүүс зан хандлагаа засч чадахгүй бол түүнийгээ хэд нугалсан шиг хатуурхалыг эргэн тойрноосоо хүртэх гээд байдаг. Тиймээс Япон хүмүүстэй зөөлөн харьцаж, аль болох уян хатан байдлыг эрхэмлэх хэрэгтэй.

・Ёс, дүрмийг баримтлах: Тэд дүрэм дагадаггүй, аливааг тогтсон арга барилаар хийдэггүй хүмүүст дургүй. Тиймээс нийтлэг хэм хэмжээ, дүрэм журмуудыг сайтар баримталж чадвал Япон улс таньд зөөлөн нүүрээ харуулж эхлэх болно.

・Хэлний чадвараа сайжруул: Энгийнээр хэлвэл хэлний чадвартайгаа дүйхүйц хүндлэлийг та Япон хүмүүсээс авах болно. Ер нь хаа ч ижилхэн болов уу гэж бодож байна. Тиймээс ярины болон бичгийн хэлээ аль болох өндөр хэмжээнд сайжруулснаар та Японы нийгэмд Япон хүн шиг биш ч гэсэн гайгүй сайн хүндлэл хүлээгээд зохьцож амьдарч чадах юм.

Миний хувьд Япон дахь гадаад хүмүүс рүү чиглэсэн үл хөдлөхийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Японы зах зээл дээрх нийт байрнуудын 30~40% орчим нь гадаад хүнд боломжгүй байдгийг олж анзаарсан. Тэр дундаа өндөр хөгжилтэй Европ болон Америкийн орны хүмүүст илүү хүндлэлтэй ханддаг бол ядуу эсвэл хөгжиж буй орны иргэдэд нилээд хатуу ханддаг нь нууц биш.

Гэхдээ дэлхийн ертөнц илүү хавтгай болж, олон соёлууд хоорондоо интеграц хийгдэж ялгаа багасаж байгаа үед улс үндэстнээр ялгавралан гадуурхах үзэл улам бүр багасна гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагын блогыг маань цаг гарган уншсанд баярлалаа. Дараагын удаа олон гоё сэдвүүдийн, бусдын олж хараагүй өнцгүүдийг блог болгон бичихийг хичээх болноо :)

--

--