Нэг жилийн дотор хэрхэн олон зүйлсийг амжуулах вэ?

Khuslen Amarjargal
4 min readJan 8, 2024

--

(Kobe-н 2019.01.01нд IG дээрээ постолсон энэ зурагнаас inspiration авч байсан болохоор орууллаа )

Шинэ оны мэнд. 2024 он эхлээд бүгдээрээ шинэ оноо төлөвлөж, шинэ хүн болохоор зорьж байгаа гэж бодож байна. Миний хувьд өнгөрөгч 2023 онд JLPT N1-т тэнцэх, TOEIC 895 оноо авах, хүссэн ажилдаа орох, нэмэлт орлогын эх үүсвэртэй болох, биеээ хөгжүүлэх болон аялах гээд нэлээд олон зүйлсийг амжуулсан болохоор та бүхэнтэй өөрийн аяллын Know How-г энэ блогоороо хуваалцъя гэж бодлоо.

  1. Эрт эхэл

Тухайлбал та ирэх оны эхний улиралд ямар нэгэн үр бүтээл гаргачихсан байхыг хүсэж байгаа бол өмнөх оны сүүлийн саруудаас эхлэн бэлтгэж эхлэх хэрэгтэй. Миний хувьд 2022 оны 12 сараас эхлэн бэлдэж эхлээд 2023 оны 2 сард TOEIC-н хүссэн оноогоо авч байсан. Тиймээс он гарахаас өмнө бүх зүйлээ төлөвлөчихсөн сэтгэл санааны хувьд бэлэн орвол ядаж нэлээдгүй хугацаа хэмнэж чадах юм шиг санагдсан.

2. Өдөр бүр бага багаар

Тухайн өдрийн mood-ээсээ шалтгаалан зарим өдөр юм хиймээргүй, зарим өдөр аятайхан суугаад юм хийчихмээр санагддаг. Гэхдээ энэ зүйлд удирдагдвал бидний зорилтууд хугацаандаа амжихгүй байх өндөр эрсдэлтэй болно. Тиймээс яаж ч ядар ч байсан, тодорхой хэмжээнд цаг гаргаад тухайн зорьсон зүйлсээ өдөр бүр явуулах нь маш чухал байдаг. Жишээлбэл та өдөр бүр 10 үг цээжилбэл 1 жилийн дараа 3650 шинэ үгтэй болсон байх болно. Миний хувьд өдөрт ядаж1 цагийг ажлаас гадна бусад процессоо урагшлуулахад зарцуулахыг баримтлал болгодог.

3. Алкохол аль болох хэрэглэхгүй байх

Архи, алкохолны төрлийн зүйлс хэрэглэснээр та дараачийн хоёр өдрийн бүтээмжээ алдаж байдаг. Энэ нь 5 дахь өдөр болгон архи уудаг хүн уусан өдөртэйгөө нийлүүлээд жилд 156 өдрийн бүтээмжээ алддаг гэсэн үг юм. Магадгүй хүн бүр ууж байгаа юм чинь би ч гэсэн уухад яахав, бусад нь зүгээр л байна шд гэх мэтээр алкохол хэрэглэх талаас нь та өмөөрч болох юм. Гэхдээ хамгийн өндрөөр үнэлэгддэг ажлууд, хамгийн өндрөөр үнэ цэнтэй ур чадварууд бүгд гүн төвлөрлийн үндсэн дээр бий болж, явагддаг болохоор алкохолыг хамгийн бага хэмжээнд хэрэглэхийг миний зүгээс зөвлөмөөр байна.

4. Бусдын нөлөөнд автахгүй байх

Бусад хүмүүс олон цагаар тоглоом тоглож байхад би ч бас тоглох ёстой ч юм шиг, бүх хүмүүс Mongol HD эсвэл Central тв-н алдартай шоу үзэж байхад би ч бас үзэх ёстой ч юм шиг, бусад залуучууд олон цагаар спортын нэвтрүүлэг үзээд бет тавьж байхад би ч бас дуурайх ёстой ч юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ тэдний асуудал бол тэдний асуудал. Танд өөрийн гэсэн зорилго, процесс, хуваарь байх ёстой. Мөн телевизүүд таны анхаарлыг татаж, тэрийгээ компаниудад зарж мөнгө олдог. Харин энэ анхаарлаа та өөртөө зарцуулж, өөртөө хөрөнгө оруулаарай. /Тв огт битгий үз гэж байгаа юм биш, яг хэрэгтэй юмаа үзээд бусад үед нь өөрийн юмаа хийхэд болно. Утсаа оролдох ч мөн адилхан/

5. Багш эсвэл ментортой бол

Өөрөө үзээд бараагүй бол дахин2 үзээд хамаг цагаа үрэх хэрэггүй. Миний хувьд JLPT N1 шалгалтад тэнцэх гэж 5н жил орчим зарцуулсан. Ойрхон оноо аваад, дахин дахин унаад л байсан. Хэрвээ эртхэн хувын багш аваад системтэй үзсэн бол нэг, хоёр жил хэмнэх байсан юм шиг санагддаг. Өөр бусад зорилгууд ч гэсэн мөн адил цаг, мөнгийг нь гаргаад тухайн зорьж буй зүйлийг тань аль хэдийн хийчихсэн, чадчихсан хүнээс зөвлөгөө, ментор авах нь маш их цаг хэмнэдэг юм байна лээ.

6. Тогтмол дасгал хөдөлгөөн

Биеийн болон оюуны ажлыг хослуулан хийснээр тархины баруун зүүн тархи зэрэг ажиллаж илүү их бүтээмжтэй байдаг талаар та магадгүй хаа нэгтэйгээс уншсан байх. Энэ бол яг үнэн. Дасгал хөдөлгөөн хийхгүй байх тусам, та амархан ядарч, хоолны дуршил муудаж нойргүйдэлтэй нүүр тулдаг. Нэг үгээр хэлбэл бүтээмжээ алдана гэсэн үг. Тиймээс 7 хоногийн цагийн хуваарьтай 3–4н удаа хөлсөө гаргах спортыг заавал оруулаарай. Таны хөлстэй хамт дараа өдрийн бүтээмж тань хамт ирэх болно.

7. Тогтмол цагт унтаж, тогтмол цагт сэр

Амралтын болон ажлын өдрүүдэд алинд нь ч тогтмол цагт унтаж, тогтмол цаг сэрэхийг зуршил болгоорой. Ингэснээр та өдөр бүр харилцан адилгүй цагт унтдаг хүмүүсээс 1~2 цаг илүү ашигтай амьдарч чадах бөгөөд бүтэн өдрийн турш мөн илүү их эрч хүчтэй байх болно. Энэ маш чухал шүү.

8. Дотоод ялалтаа эхлээд байгуул

Нэг үгээр хэлбэл та дотоо хүчиндээ итгэж, дотоод ялалтыг байгуулж байж тэр зүйлээ гадаад орчинд бий болгож чаддаг. Тиймээс эхлээд хийж эсвэл зорьж байгаа зүйлээ чадна гэдэгт итгэх хэрэгтэй. Өдөр бүр чадаж байгаагаар төсөөлж, тэр зүйлийг санагдуулах зургийг ханан дээрээ наах гэх мэтчилэн төсөөллөө бодит болгон өөрийн далд ухамсартаа итгүүлэх нь мөн маш чухал байдаг. Бидний тархи үнэн эсвэл худал хэлж байгааг ялгаж чаддаггүй учир өөртөө өөрийнхөө бий болгомоор байгаа өөрийгөө тогтмол хэлж ухамсрын түвшин дэх өөрчлөлтийг заавал хийгээрэй.

Миний энэ удаагын блог хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Маш энгийн хирнээ хэрэгжүүлж чадвал маш чухал зүйлс байгаа шүү. Дараагын блогоороо эргэн уулзатлаа түр баяртай :)

--

--