Нойрныхоо учрыг олсон нь

Khuslen Amarjargal
3 min readMar 23, 2023

--

Нойр хоолондоо л сайн байвал бусад нь болно доо, нойр бүхнийг дийлнэ гэх мэт хэлц үгнүүд зүгээр ч нэг бий болчхоогүй. Учир нь бидний ажлын бүтээмж, тухайн өдрийн сэтгэл санааны байдал, хэр урт наслах, атлетик байдал гээд бүх зүйлс нойртой шууд холбоотой байдаг. Тиймээс энэ удаагийн блогоороо та бүхэнд тархины шинжлэх ухааны профессор Маттею Валкер-н “Чанартай нойр авах арга зүй”-н хичээлийг өөрийн амьдрал дээр туршсаны дараа хуваалцахаар боллоо.

  1. Тогтвортой амьдралын хэмнэлтэй байх нь чанартай нойр авах хамгийн чухал хүчин зүйлсийн нэг юм. Ихэнх хүмүүс ажлын өдрүүдээр эрт унтаж эрт сэрэхийг хичээдэг ч, харин 5 дахь, хагас сайн өдрүүдээр шөнө дунд хүртэл унтахгүй байгаад нойрны хэмнэлээ эвдээд байдаг. Үүний дараа бүтэн сайн өдөр нөгөө алдагдсан нойрны хэмнэлээ буцаан олж авах гэж дахиад л тэмцэлддэг. Нэг үгээр хэлбэл 7 хоногийн бүх өдрүүдэд тогтмол цагт унтаж дадвал, ерөнхийдөө хүссэн цагтаа унтаж сэрэх таны мөрөөдөл хүчээр биш автоматаар хийгддэг болно.
  2. Алкохол, кофейны зохистой хэрэглээ нь мөн чанартай нойр авахад маш чухал байдаг. Алкохол хэрэглээд нойр хүрээд шууд унтаад өгдөг, нойронд сайн зүйл мэтээр магадгүй та бодож байж болох юм. Гэхдээ сайн анзаарах юм бол архины төрлийн зүйл уусны шөнө нь бид дахин дахин сэрж, гүн нойр авч чаддаггүй. Тиймээс алкохолыг нойрны эм мэтээр ойлгох нь буруу юм.

・Кофе ууснаас 6цагийн дотор кафейн хүний биед хөнгөн байдлаар, харин 3н цагийн турш хүчтэйгээр оршдог. Тиймээс ерөнхийдөө орой кофе уугаад дэмий гээд ойлгоход болно.

3. Орчноо сайн бүрдүүлэх нь сайн нойр авах бас нэгэн үндэс болдог. Унтлагын өрөөний температурыг ойролцоогоор 15–19 хэмийн хооронд байлгах нь зохистой байдаг. Мөн унтахын өмнөх 1 цагт утсаа оролдохгүй байснаар таны сайн нойр авахад нөлөөлдөг. Учир нь хүний нүд харанхуй орчин дасан зохицоод унтахад өөрийгөө бэлтгэдэг бөгөөд дэлгэцийн гэрэлтэй үед үүнийг нарны гэрэл гэж андууран унтах процесс тасалддаг байна.

4. Мөн “онц сурмаар байвал сайн чанартай нойр ав” гэж хэлмээр санагдсан. Учир нь бидний тархи өдрийн турш сурч авсан зүйлсээ шөнө гүн нойр авах үед богино хэмжээний ой санамжаас урт хугацааны ой санамжийн хэсэг рүү зөөдөг. Хэрвээ дутуу нойртой эсвэл хангалттай нойр авахгүй бол энэ үйл явц сайн хийгдэхгүй. Тиймээс өдрийн турш сурсан зүйлсээ мартахгүйгээр тогтоож авмаар байгаа бол сайн гүн нойр аваарай.

5. Гоё арьстай байх, залуу насаа хэр зэрэг удаан хадгалах ч мөн нойртой шууд холбоотой юм байна лээ. Миний хувьд эдгээр зүйлс асуудал болж эхэлсэн нь ч мөн энэ сэдвийг судлах нэг шалтгаан болсон. Унтаж байхад арьс сэрүүн үеийнхээс 3 дахин хурдан нөхөн төлждөг. Тиймээс зүгээр ч beauty sleep нэг гэдэг үг гараагүйг үүнээс ойлгож болно.

Энэ жил өөрийгөө сайжруулахаар хэд хэдэн зүйлс дээр анхаарч байгаа бөгөөд хамгийн эхний амжилттай болсон туршлагаа та бүхэнтэй хуваацлаа. Хэрэгтэй байсан гэдэгт найдаж байна :)

--

--