Khuslen Amarjargal
7 min readJul 20, 2022

Мөрөөдлийн ажилдаа орсон нь #1

Миний хувьд 2014 оноос эхлэн Монголд Маркетингийн чиглэлээр ажиллаж эхэлснээсээ хойш хэзээ нэгэн цагт дэлхийн алдартай компанид хүссэн чиглэлээрээ ажиллана гэж бодол тээж байв. 2014–2017 оны хооронд Талх Чихэр ХК-д маркетингийн чиглэлээр ажиллангаа бизнесийн удирдлагын мастераа хамгаалаад Монголдоо хөөрхөн болоод ирэв. Тухайн жил өөр хэд хэдэн газраас ажлын саналууд авч, өмнөх компанидаа ч тушаал дэвших боломж байсан боловч миний зүрх сэтгэл өөр тийшээ хөтлөгдөж байлаа. Өөрийгөө дараачын түвшинд батлан харуулмаар, улам олон хүнд хүлээн зөвшөөрөгдөх гэсэн өлсгөлөн сэтгэл байсан болохоор урьд нь хэдэнтээ очиж, хэлийг нь сурж байсан Япон руу сурахаар болов. Шууд л хамгийн том бизнесийн сургуульд нь ороод, тэрийгээ төгсөөд хамгийн том маркетингийн компанид орчихно гээд явсан ч бодит байдал дээр бүх юм миний төсөөлснөөс шал өөрөөр өрнөв.

Гурван жил орчим Япон хэлээ огт ашиглаагүй байсан болохоор миний хэлний түвшин маш муудсан байсан бөгөөд эхэн үедээ өдөр тутмын харилцан яриа өрнүүлэхэд хүртэл хүндрэлтэй тулгарч байлаа. Эхлээд Нагасаки-н их сургуулын бизнесийн сургуульд судлаач оюутнаар 1 жил орчим суралцаад ерөнхийдөө шууд хүссэн нөгөө айхтар сургуульдаа орж чадахгүйгээ ойлгоод, дээрээс нь хөдөө нэг л буруу газар сайн хөгжихгүй байгаа юм шиг санагдаад эд гэгэлзэж байтал багш маань чи Монголд MBA-тай юм бол энд шууд ажил хийгээд явж болно шдээ гээд сумлахаар нь хүссэн ажилдаа шууд орох гээд хирэндээ л чадах чинээгээ үзэж тарлаа. Ярилцлага хийгээд л өөрийгөө олигтой илэрхийлж чадахгүй, бичгийн хэл муутай намайг 1р шатнаас дээшээ явуулах компани гарч ирсэнгүй. Яг энэ үед Токио-д байдаг нэгэн ажил зуучлалын газраас санал орж ирээд энэ нь ч миний хувьд хамгийн зөв алхам юм шиг санагдаад тус ажилд орохоор болов.

Миний хувьд Япон компанийн соёл, хэлний тухайд дутагдалтай зүйл олон байсан ч, би маркетингдаа сайн ш дээ, үүнийгээ ашиглаад сайн үр дүн гаргаж болно гэдэгтээ итгэж байлаа. Тухайн үед Япон дахь Монголчууд руу чиглэсэн ажил зуучлалын үйлчилгээ явуулж байсан бөгөөд маркетингийн суурь ур чадвараа ашиглан өрсөлдөгч компаниудын төдийлөн хийгээгүй тогтмол зөвлөгөө мэдээлэл оруулах, маш гоё дизайнтай постер бэлтгэх, мэдээллээ аль болох хүртээмжтэй түгээж чадсанаар маш богино хугацааны дотор миний хариуцаж байсан хуудас Монголчууд дунд хамгийн их хандалттай, маш завгүй болж хувирав. Үүнийгээ ч дагаад надад хэд хэдэн сарын шилдэг гэсэн шагналыг авчирч тухайн үедээ их урам болж билээ.

2019 оны 04н сараас Япон улс 特定技能 буюу тусгай ур чадварын ажлын визийг шинээр бий болгож Японд ирэх хүсэлтэй хөх захтнуудад нэгэн үүд хаалга нээгдэв. Манай компани ч мөн адил энэ урсгалыг өөр дээрээ татахын тулд шинэ төрлийн визээр ажилд зуучлах албыг үүсгэн байгуулж би анхны гишүүдийнх нь нэг боллоо. Мэдээж шинэ алба, шинэ үйлчилгээ болохоор таниулах, олон ажил хайгчдыг татах хэрэгцээ байсан бөгөөд энэ нь надад маркетингийн ур чадвараа харуулах сайхан боломж юм шиг санагдаж байлаа. Шинэ хуудас, шинэ youtube суваг, фэйсбүүкийн төлбөртай сурталчилгаа, хэдэн арван видео контент, 14 хоногтоо 1 удаа компани дээрээ үнэгүй семинар хийх гээд миний санаачилж хэрэгжүүлсэн эдгээр ажлуудын үр дүнд манай үйлчилгээний цар хүрээ маш хурдтай тэлж, хэдхэн сарын дотор шинэ алба маань хамгийн олон хүнтэй болж хувирав. Жаахан гайхуулж хэлэхэд тухайн үед нээж байсан хуудас маань Японд 特定技能р зуучилдаг бүх газруудаас одоог хүртэл хамгийн олон дагагчтай явж байгаа. Ингээд сайхан явж байтал гайтай корона гарч ирээд боломжит ажлууд ч цөөрөөд, миний хариуцаж байсан Монголын зах зээлийн байдал ч маш муудаад ирэв. Компанийн зүгээс ч “чи үл хөдлөхийн албанд ороод хичээгээд үзэх үү” гэхээр нь корона гараад шинэ ажил олоход хэцүү цаг үе ирснийг ч хэлэх үү за тэгье гээд шууд л зөвшөөрөв.

За ингээд Японд байдаг гадаад иргэд рүү чиглэсэн үл хөдлөх худалдан борлуулах үйлчилгээ үзүүлдэг гуравхан хүнтэй маш цомхон албанд дөрөв дэх гишүүн нь болж орлоо. Яг үнэндээ үл хөдлөхөөр хэзээ ч ажиллана гээд төсөөлж байгаагүй ч, Англи хэлтэй орны хүмүүс ирүү чиглэн англиар үйлчилгээ үзүүлнэ гэдэг нь надад таалагдаж байлаа. Шинэ албандаа ороод өмнөхтэйгөө мөн адил контентийг үйлдвэрлэж 7 хоног бүр шинэ бичлэгүүд цацаж 2020 онд тийм ч түгээмэл биш байсан видео-г идэвхижүүлэлтийнхээ гол хэрэгсэл болгон үр дүнтэйгээр ашиглав. Үүний хүчинд сардаа 30аад л хүн ханддаг байсан албанд маань бүр 100аад хүн ханддаг болж бид хэд ачааллаа дийлэхгүй маягын болоод ирлээ. Ингээд албандаа шинэ хүн ч аваад, хөөрхөн туслах нтр-тэй болоод авав. Үүнээс гадна өөрөө санаачлагаараа нөгөө хэддээ үл хөдлөхийн техник, маркетинг, пр-н сургалтууд ороод өөрийн чадах бүхнээ хийгээд сайн ч үр дүнгүүд гарч эхлэв. Хагас жилдээ 1 болдог үнэлгээний хурлаар түвшин дээшилж, би “хамгийн үнэ цэнэтэй ажилтан” болсон ч гэсэн цалингын хувьд онцын өөрчлөлт гараагүй болохоор миний урам нилээд хугарав. Яг энэ үед намайг анх Японд ирэхэд зуучилж байсан Монгол залуугаас нэг орой дуудлага орж ирээд “үл хөдлөхийн компани нээсэн хоёулаа хамт босгоё, бүтээе” гэхээр нь уухайн тас зөвшөөрлөө.

Би ч бөөн эрч хүч, нөгөө залуу ч хүлээлт өндөр байлаа. Яг үнэндээ бид хэдийн хэн нь ч яг үл хөдлөх зарж үзээгүй, зөвхөн түрээс л гаргаж байсан бөгөөд үүнийгээ мэдэхгүй сард 2–3аар нь зарна гээд лаг төлөвлөгөө тавиад үзэж тарлаа. Компани маань Хятад эзэнтэй бид хэд зүгээр нэрийг нь ашиглан үйл ажиллагаа явуулах маягтай, хамаг юм нь зуун задгай болохоор нэг л санаанд таарч өгөхгүй хирэндээ эмх цэгцэнд нь оруулах гээд үзсэн чөлөөтэй сурсан хүмүүс чинь бухимдаад би эсэргээрээ ад болох шинжтэй. Нэгэнт зориод ороод ирсэн юм чинь эцсийг нь үзнэ гээд янз бүрээр үзээд л байлаа. Ажилдаа ороод 4н сарын дараа би анхны борлуулалтаа гаргав. Үүнээс хойш зарж болдог юм байна, энэ маягаар явж болох юм байна гээд бүгдэнд нь бага зэрэг итгэл төрсөн байх. Өмнөх ажилдаа албаараа хэлэлцдэг, ямар нэг асуудал гарвал тухайн бүрт brainstorming хийгээд сурчихсан болохоор бүх зүйлийг ганцаараа шийдээд явна гэдэг үнэхээр чанга байв. Анх хэлж байснаас цалин маань шал өөрөөр шийдэгдэж амжиргааны түвшин маань ч хамаагүй дордлоо. Яахав гоё, гоё мөнгөнүүд сонсогдоод шийдэгдэх л юм бол энгийн хүний сарын цалинг хэд нугалах гээд байдаг гэхдээ л санасан шиг нэг л болж өгдөггүй. Дахиж үзсээр байгаад оны өмнө 2 борлуулалт гаргаад компанийнхаа хамгийн өндөр сарын борлуулалтыг хийж үзлээ. Гэхдээ л хүнээ татах, контент хийх, байр үзүүлэх, гэрээ хийх, түлхүүр гардуулах гээд бүх зүйлээ өөрөө хийгээд байнгын эрч хүчтэй бүх юм зүгээр юм шиг байхыг хүссэн болов ч угаасаа энэ миний урт хугацаанд хийх зүйл биш гэдэг нь илт мэдэгдээд ирэв. Нөгөө анх санал тавьсан залуу маань ч маш хойрго анхаарах болж, тэрэнд гомдоллоод угаасаа юу ч өөрчлөгдөхгүй мэдэж байсан болохоор өөрийнхөө урт хугацаанд хийх зүйлдээ тууштай анхаарахаар шийдсэн юм.

Би сүүлийн хоёр жил Англи хэлийг ажилдаа өргөнөөр ашигласан байсан тул TOEIC-н өндөр оноо авах нь илүү ойрхон санагдаж байлаа. Ингээд 2 сар бэлдээд 900 оноо зорьж байсан ч 850г авлаа. Гэхдээ боломжийн шүү. Үүнийгээ дуусгаад давдаггүй даваа JLPT N1–ээ бэлдэж эхлэв. Англи хэлний оноогоо ахиулаад ажил хайхад агентуудын хандлага хамаагүй өөрчлөгдөж бичиг баримтын сонгон шалгаруулалтанд тэнцэх хувь нь ч нэмэгдлээ. Энэ явцдаа Robert Half-н агентаас чи ийм туршлагатай юм чинь маркетийнгийн портфолио хийгээд үзүүлвэл ажил олгогчид чамайг илүү ойлгоно байх гэхээр нь түүнийх нь дагуу 20н хуудас портфолио хийгээд тавив. Хандлага арай өөр шүү. Гадаад компаниудын хандлага илүү нааштай, би тэдний хувьд арай илүү сонирхолтой хүн болоод ирэв. Яваандаа нөгөөхөө Япон хэл дээр ч бас хийв. Энэ явцдаа хэд хэдэн хүнээс төлбөртэй ярилцлаганд бэлтгэх зөвлөгөө авч, өөрөө хэдэн арван ярилцлаганд бэлтгэх бичлэгийг хэдэн арван удаа үзэв. Сүүлдээ бараг ярилцлагын мастер болсон юм шиг л санагдаж байлаа. Нэг өдөр Indeed-c Япон, Англи хэл ашиглах, олон улсын компанийн маркетингийн зарыг олж хараад энийг уг нь би чадна даа гэж бодоод шууд л apply-дав. Маргааш нь хүний нөөцийн эмэгтэйгээс дуудлага орж ирээд, би яг ажил дээр захирал хажууд байгаад байдаг гэхдээ нэг юм аргалаад өөрийгөө ойлгуулаад тайлбарласан. Миний яриа эхний шатыг давж хоёрдугаар шатанд Сингапур дахь толгой компанийн хүн болон надтай хамт ажиллах пр-н Япон эмэгтэй хоёртой ярилцлага хийв. Би хирээндээ л сайн бэлдэж, хүмүүсээс зөвлөгөө авсан болохоор ярилцлага маань ч дажгүй болсон юм шиг санагдлаа. Үдээс хойш нь нөгөө хүний нөөцийн эмэгтэйгээс миний сэтгэгдлийг асууж тандаж байгаад дараа нь намайг 2р шатанд тэнцсэн гэдгийг хэлэв. Одоо л би жинхнээсээ догдолж эхлэв. Учир нь урьд нь би хоёрдугаар шатаа бараг давж үзээгүй байсан юм чинь. Үүний дараа надад одоо баригдаж буй Японы хамгийн том дата төвийн хагасан жилийн маркетингийн төлөвлөгөөг Англи хэл дээр бичих даалгаврыг 14 хоногын хугацаатай олгов. Дата төвийн талаар юу ч мэдэхгүй ч гэсэн хирэндээ л байгаа мэдээллүүд дотроо сайн уншиж судлаад, төлөвлөгөөгөө гаргаад хэд давхар хянуулаад цааш нь илгээв. Нөгөөх маань хянагдаж байна гээд удаад л байдаг, хүлээгээд л байдаг. Тэр хооронд би өөр нэг старт ап компанийн ажилд бас тэнцээдхэв. Гэхдээ миний яг хүсч мөрөөдсөн ажил арай биш байсан тул “хэрвээ тэнцээгүй тохиолдолд танайхтай холбогдоё” гээд нэг ёсондоо анилаа. Тэгээд нэг юм хүсэн хүлээлгэсэн хариу маань гарч би гэдэг хүн 3р шатандаа тэнцлээ. Хамгийн сүүлийн шатны ярилцлага оффис дээр очиж хийсэн бөгөөд тохижилт, хүмүүсийнх нь мэргэжлийн хандлага, хүндэтгэлтэй байдал зэрэг нь үнэхээр таалагдав. 2 хоногын дараа тэнцсэн гэсэн хариу аваад нэг юм гүнзгий амьсгаа авлаа. Ингээд би Австралийн номер нэг барилга, эрчим хүчний компанид маркетингийн менежерээр ажиллахаар болсон юм.

Би Японд ирснээсээ хойш нийт 1000 орчим удаа компаниудад apply хийж, 60 орчим ярилцлага хийж, нийт 4н жил зарцуулсны дараа өөрийн хүсч байсан олон улсын нэр хүнд бүхий компанид боломжийн цалингаар Англи, Япон хэлээ ашиглан маркетингаар ажиллах боломжыг өөртөө бий болгосон. Өөрөө хэлбэл 900 гаран удаа “та тэнцсэнгүй” гэсэн хариуг авсан гэсэн үг. Яахав сайн сургуульд сураад төгссөн бол илүү дөт байх байсан л даа. Гэхдээ миний зам тийм байгаагүй, тэгээд бас өөр сонголт байлгахыг хүсээгүй. Би чиний ажиллаж байсан газруудаас нэгийг нь ч сонсож байгаагүй юм байна, чиний хэл чинь хангалттай сайн биш юм байна, туршлага чинь сайн ажил хийхэд хүрэлцэхгүй болохоор жижиг компанид л орвол орж чадна байх… гэх мэтчилэн маш олон үгүйсгэсэн үгс сонсож байсан ч би дотроо өөрийгөө чадна гэдгээ мэдэрч байсан. Энэ байтугай гоё зүйлс намайг хүлээж байгаа гэдгийг мэдэж байсан болохоор тэр бүхэн зүгээр л нэг зорилгодоо хүрэх шат гишгүүр юм шиг санагдаж байсан. Эцэст нь хэлэхэд “бүх гайхамшиг өөртөө итгэхээс эхэлдэг” гэж боддог шүү :)