Жилийн 100,000$-оос дээш орлоготой үйлчлүүлэгчдийн нийтлэг хандлага

Khuslen Amarjargal
2 min readAug 16, 2020

--

Миний бие Японы үл хөдлөхийн салбарт ажиллаад дөрөв дэх сартайгаа золгож байна. Ингэхдээ борлуулалтын дунд үе шат хүртэл шууд оролцож, сүүл үе хүртэл ажиглаж байгаа учир үйлчлүүлэгч тус бүрийн онцлогтой танилцахдаа та бүхэнд сонирхолтой санагдах болов уу гэсэн зарим шинж чанарыг энэхүү блогоороо хуваалцая гэж бодлоо.

  1. Цагийг маш нарийн баримталдаг

Өндөр орлоготой хүмүүсийн тухайд цаг хугацаагаа минут секундээр хэмждэг тул энгийн хүмүүсийг бодвол энэ тал дээр их нарийн байдаг. Тэр ч утгаараа бизнес хамтрагч, үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүсээсээ тийм зүйлийг хүсдэг. Энэ шаардлагад нь нийцэхгүй бол тэдэнд олон сонголт байгааг сануулан дараачынх гэдэг үгийг амархаан хэлж чаддаг

2. Маш тодорхой шаардлага тавьдаг

Бага болон дунд орлогтой хүмүүсийг бодвол тэд амьдрах орон сууц, байрандаа маш тодорхой шаардлага тавьдаг бөгөөд барагтаа бол энэ шаардлагаа өөрчилдөггүй. Гэхдээ шаардлагад нэгэнт нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг өгч чадвал үр ашиг нь төдий чинээ өндөр байдаг тул энэ төрлийн үйлчлүүлэгч нарт илүү их хүчин чармайлт, цаг хугацаа зарцуулах хэрэгтэй болдог.

3. Бүх эрсдэлийг сайтар тооцдог

Тэдэнд санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар та бүхий л боломжит мэдээллийг судалсан байх хэрэгтэй ба ирж болох асуултуудад ч мөн адил сайтар бэлтгэсэн байх хэрэгтэй. Зарим тохиолдолд санаанд оромгүй асуултууд ч хүртэл ирдэг тул салбарын болон санал болгож буй үл хөдлөхийн талаар боломжит эрсдэл, түүний бүрэн тайлбарыг өөрийн болгохыг шаарддаг.

4. Зөвхөн түүнд л тохирсон үйлчилгээ

Баян үйлчлүүлэгчид гэлтгүй орчин үеийн үйлчлүүлэгчид ерөнхий ийм шаардлагыг хүсэх болсон. Starbucks ороод кофе захиалахад таны нэрийг саван дээр нь бичиж өгдөгтэй ижилхэн үл хөдлөхийн салбарт ч энэ арга барил илүү үр дүнтэй санагдаж байгаа. Жишээлбэл, үл хөдлөхүүдийн мэдээллүүдийг эмхэтгэн дизайндаж “Эрхэм хүндэт XXXX-д зориулсан танилцуулга” гэх мэт танилцуулгыг хийж өгвөл түүнд илүү таатай сэтгэгдэл төрүүлж чадах болно.

5. Хувийн харилцаа тогтоох нь чухал

Зөвхөн үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар сайн мэдэхээс гадна тэд хэнтэй харилцаа үүсгэж буйдаа онцгой анхаарал хандуулдаг. Та хаанаас ирсэн бэ? Энэ улсад ирээд аль хэр удаж байгаа вэ? гэх мэтчилэн энгийн асуултуудаас эхлэн яриа илүү хувийн шиж чанартай болох нь ч бий. Ингэж чадвал үйлчилгээ үзүүлж буй танд л ашигтай бөгөөд нөгөөтэйгүүр танд итгэл үзүүлж буйн нэг илрэл болох юм.

Энэ удаагын блог маань та бүхэнд хэрэгтэй байсан гэдэгт найдаж байна. Ямар нэг, санал сэтгэгдэл байвал коммент хэсэгт үлдээнэ үү. Баярлалаа : )

--

--