Ажлын байран дээр өөрийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлэх нь

Khuslen Amarjargal
3 min readSep 9, 2021

--

Ажлын байран дээрээ үнэ цэнэтэй байх нь ажил хийдэг хүн бүхэнд хамааралтай ур чадвар, давуу тал гэж бодож байна. Үнэ цэнэтэй байж чадсанаар цалингаа нэмүүлж, хамт олон дундаа нэр хүндтэй болж, өөр газруудаас ч гэсэн ажлын санал авч чаддаг. Тэгвэл өөрийн туршлага болон одоог хүртэл бүхий л уншсан, харсан, ойлгосон зүйлс дээрээ үндэслэн доорх зөвлөгөөнүүдийг та бүхэнд хүргэе гэж бодлоо.

① Үргэлж илүүг хий

Зөвхөн удирдлагынхаа хэлсэн зүйлийг хийгээд л явдаг бол та сайнаар үнэлэгдэж чадахгүй. Харин өдөр тутмын ажлуудаас гадна илүүг санаачилж, түүнийгээ хэрэгжүүлэн ямар нэгэн үр дүнг үзүүлж чадвал та бусдад өөрийнхөө талаар энгийн нэг ажилтан биш гэдгээ ойлгуулах болно. Тиймээс үргэлж шинийг эрэлхийлдэг, түүнийгээ бас гүйцэтгэдэг нэгэн байгаарай. Учир нь таны гаргасан санааг таниас өөр хүн сэтгэл гарган хэрэгжүүлэхгүй тул эхний ээлжинд хүлээн зөвшөөрөгдөх хүртэл өөрөө тухайн санаачлагаа авч явна гэж ойлгох хэрэгтэй.

② Ажил олгогчын нүднээс өөрийгөө хар

Өөрийнхөө ажлын намтарыг хөндлөнгийн хүний үүднээс уншихад ямар санагдах вэ, ямар зүйл нэмвэл илүү өрсөлдөхүйц болж чадах вэ? зэргээр төсөөлөн бодох нь өдөр тутамдаа олж хардаггүй зүйлээ анзаарахад хэрэг болдог. Өөрөөр хэлбэл, тухайлсан хугацаанд тухайн компанид ажилласан бол тэнд ямар нэг зүйлийг сайжруулсан, таны хувь нэмэр орсон байх хэрэгтэй бөгөөд үүнийгээ ч мөн ил тодоор намтар дээрээ бичиж байх хэрэгтэй байдаг. Ийм бодолтойгоор өөрийгөө шахаж байх нь кареераа өсгөж, үнэ цэнээ нэмэгдүүлэхэд нэмэр болдог.

③ Нэрээ бод

Монгол бол цөөхөн хүн амтай, бүгд бие биенээ таних боломжтой жижиг улс. Тиймээс тухайн хамт олон дунд таны олж авсан муу болон сайн нэр хүнд таныг насан туршид чинь дагалдаж явах болно. Тиймээс болж өгвөл хүмүүстэй муудалзахгүй, асуудлыг эв түнжингээр шийдвэрлэх хэрэгтэй. Хэрвээ компаниа солих болсон ч үлдэж буй хүмүүстээ сайхан сэтгэгдэл үлдээж байх нь чухал. Учир нь хуучин компанийн удирдлагаас тань recommendation letter авах, тэнд ажилдаг дурын таньдаг хүнээсээ таны талаар асуухад сөрөг зүйл хэлвэл таньд ашиггүй байдал үүсэх юм. Тиймээс үргэлж нэрээ бодож байгаарай

④ Өсөлтийн сэтгэхүй

Та одоо чадахгүй байгаа зүйлээ тодорхой цаг хугацаа, хөдөлмөр зарцуулаад хэсэг хугацааны дараа чаддаг болох боломжтой. Энэ үйл явцыг аль болох эртнээс эхлүүлвэл зүгээр байдаг. Өөрөөр хэлбэл, урт хугацаанд ажиллана гэсэн салбартаа аль болох эртнээс орж ажиллан, түүнд шаардагдах ур чадваруудаар өөрийгөө тоноглох хэрэгтэй юм. Ур чадвар дагаж үнэлэмж, таны үнэ цэнэ тодорхойлогддог тул түүнийг нэмэгдүүлэхийн төлөөх илүү хөдөлмөрт үргэлж бэлэн байгаарай.

⑤ Гоё бай

Хуучны сэтгэлгээнд гоё байх нь ажил хийж чаддаггүй хүмүүсийн ямба мэтээр ойлгодог бол одоо үед хөдөлмөрч хүмүүсийн биеэ зөв авч яваагын нэг илрэл нь гоё байх болоод байгаа билээ. Ялангуяа Монголд гадаад үзэмжээр нь дүгнэж харьцах үзэгдэл түгээмэл байдаг тул биеэ гоё авч явах нь зайлшгүй чухал байдаг. Спортоор хичээллэх, эрүүл мэнддээ анхаарах, нойроо тохируулж чаддаг байх, үсээ аятайхан засуулчихдаг байх, хувцасаа тохируулаад өмсдөг байх гээд маш олон зүйлс гоё байхад хамаарна. Монгол ардын үгэнд “Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ” гэж байдаг шүү дээ.

⑥ Үр дүнгээ хамгаалж бай

Сайн үр дүнг өөртөө наах гэсэн үзэгдэл маш түгээмэл байдаг. Тиймээс тухайн зүйлийг хийсэн бол би хийсэн, хувь нэмрээ оруулсан бол түүнийг тайлан дээрээ эсвэл удирдлагатай ойлгомжтой байдлаар тайлагнаж байх хэрэгтэй. Тэрнээс биш хэн нэгэн намайг олж харнадаа, яагаад би ийм их зүйл хийгээд байхад хүмүүс үнэлэхгүй байгаа юм бэ гээд бодоод л яваад байж болохгүй. Маркетингийн ухаанд хийх нь 50%, түүнийгээ сурталчилах нь 50% гэж хэлдэг. Тиймээс хийсэн ажлаа үргэлж бусдад ойлгуулж, удирдлагатаа мэдүүлж байх нь үнэ цэнээ нэмэгдүүлэхэд асар чухал байдаг шүү.

Миний энэ удаагын блог та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Энэхүү блогтой холбоотой ямар нэг санал, сэтгэгдэл байвал коммент хэсэгт үлдээнэ үү :)

--

--